
Монголын Хөрөнгийн Биржийн тойм.
ҮСХ: ДНБ 5.9%-иар өсжээ.
СЗХ: Хөрөнгийн зах зээлийн 3-р улирлын тойм.
АНУ: GOOGL Gemini 3.0-ийг танилцууллаа.
Биткойны уналт.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм.
.
► МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 2.16 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3.2 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Хаан Банк ХК, Голомт Банк ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн болон ХасБанк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд багцын арилжаа зохион байгуулагдаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл тогтвортой байлаа. Энэ нь тус долоо хоногт багцын арилжаа хийгдээгүй мөн бүх нийтийн амралтын өдөр таарснаар нийт арилжааны хэмжээ харьцангуй бага байсантай холбоотой юм. Top 20 индекс 0.37%-иар, MSE A индекс 0.67%-иар, харин MSE B индекс хамгийн өндөр дүнгээр буюу 1.91%-иар өссөн байна.
| ИНДЕКС | НЭГЖ | ӨӨРЧЛӨЛТ (Долоо хоног) |
| TOP 20 Индекс | 51,706.36 | +0.37% |
| MSE A Индекс | 19,584.69 | +0.67% |
| MSE B Индекс | 14,589.76 | +1.91% |
⇒ ҮСХ: ДНБ 5.9%-ИАР ӨСЖЭЭ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын ДНБ 2025 оны эхний есөн сард 2024 оны мөн үеэс 5.9% өсөж, ₮24.3 их наяд болжээ. Энэ дүн нь Монголбанкнаас хийсэн судалгааны шинжээчдийн төсөөлсөн 5.4%-ийн өсөлтөөс өндөр гарсан байна.
Энэ онд уул уурхайн салбарын удаашрал эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй байсан боловч ДНБ-ий хагас жилийн гүйцэтгэл хүлээлтээс давж гарснаар III улирлын төсөөллийг 3.6%-иас 5.4%-д хүргэн өөрчилсөн юм. Үүний гол шалтгаан нь хөдөө аж ахуйн салбарын хүчтэй сэргэлт байв.
ДНБ 2025 оны эхний 9 сард 5.9%-иар өссөний 3.4 нэгж хувийг ХАА салбар, 1.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1.1 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар бүрдүүлсэн байна. Өнгөрсөн 2 жил агшилт үзүүлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж байсан ХАА салбар энэ онд сэргэж 2025 оны эхний 9 сард нэмэгдэл өртөг бодит дүнгээр 33.8%-иар нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд том нөлөө үзүүлээд байгаа юм.

⇒ СЗХ: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 3-Р УЛИРЛЫН ТОЙМ
2025 оны 3-р улиралд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 9% өсөж ₮13.2 их наядад хүрсэн ч хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 0.7 нэгж хувиар буурч 1.1% болжээ.

2025 оны 3 дугаар улиралд 847.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 19.9%-иар, 2021 оноос 26.1%-иар буурсан үзүүлэлт юм.
Нийт арилжааны 33.5%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны, 23.2%-ийг компанийн бондын, 17.1%-ийг хувьцааны, 14.8%-ийг хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн нэгж эрхийн, 11.4%-ийг Засгийн газрын дотоод үнэт цаас (ЗГДҮЦ)-ны арилжаа тус тус эзэлж байна. 2025 оноос ЗГДҮЦ-ны арилжаа хийгдэж эхэлснээр хөрөнгийн зах зээл дээрх үнэт цаасны төрөлжилт нэмэгдэж, нэг төрлийн үнэт цаасанд хэт хамааралтай байдал бууран илүү тэнцвэртэй арилжаа хийгдэх болсон байна.

Компанийн бонд, ХОС, ЗГДҮЦ зэрэг үнэт цаасны арилжаа идэвхтэйгээр нэмэгдэж байгаа хэдий ч хувьцаа ны арилжаа эсрэгээрээ ихээр буурч байна. 2023 оноос хойш хувьцааны арилжааны идэвх жил бүр ойролцоогоор 2 дахин хэмжээгээр буурсан байгааг графикаас харж болно. 2025 онд IPO буюу шинээр хувьцаагаа олон нийтэд танилцуулсан компани байгаагүй нь тухайн арилжааны бууралтад нөлөөлж байгаа бөгөөд үүний хажуугаар эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хөрөнгө оруулагчид илүү эрсдэл багатай, тогтвортой өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд уналттай, эрсдэлийн түвшин эрс нэмэгдсэн байлаа. АНУ-ын голлох индексүүд (S&P 500, Dow Jones, Nasdaq) технологийн салбарын идэвхийн доройтол болон мөнгөний бодлогын тодорхойгүй байдлын нөлөөгөөр буурсан. Европын зах зээлд үйлдвэрлэлийн идэвх суларч, эдийн засгийн төлөв доройтсоны улмаас бүх индексүүд мэдэгдэхүйц уналттай хаагдсан бол Германы DAX 40 хамгийн их дарамт авсан байна. Азийн зах зээл ч мөн адил уналтын үзүүлэлттэй байсан бөгөөд Япон, Хятад болон БНСУ-ын индексүүд гадаад эрэлтийн сулрал, экспортын бууралтын эрсдэл, мөн валютын ханшийн савлагаа зэрэг хүчин зүйлсээс болж эрчимтэй буурлаа.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын хөрөнгийн зах зээл 2025 оны 11-р сарын 17–23-нд огцом бууралттай байлаа. S&P 500, Dow Jones, Nasdaq индексүүдийн зэрэг уналт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил буурч, зах зээлийн болгоомжлол нэмэгдсэнийг илтгэж байна. Технологийн салбар тэргүүнд унаж, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тодорхойгүй байдал, инфляцын чиг хандлага болон бодлогын хүү буурах хугацааны талаарх хүлээлтийн эргэлзээ нь зах зээлд дарамт болжээ. Нэмэлтээр, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв, төсвийн хэрэгжилттэй холбоотой эрсдэлүүд богино хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлд сөрөг нөлөө үзүүлсэн долоо хоног байв.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Европын хөрөнгийн зах зээл ерөнхийдөө уналттай байлаа. STOXX Europe 600, DAX 40 болон CAC 40 индексүүд бүгд мэдэгдэмжтэйгээр буурсан нь бүсийн эдийн засгийн идэвхийн сулрал, үйлдвэрлэл болон экспортын үзүүлэлтүүдийн доройтол, мөн инфляцын тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлснийг харуулж байна. Ялангуяа Германы DAX 40 хамгийн их уналт үзүүлсэн нь Европын гол эдийн засгийн хөдөлгөгч хүч сул байгаа шинж тэмдэг байв. Долоо хоногийн турш хөрөнгө оруулагчид макро эрсдэлийг эрчимтэй тооцоолох болсон нь зах зээлийн савлагааг нэмэгдүүлэв.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Азийн голлох хөрөнгийн зах зээлүүдэд эрсдэл давамгайлсан долоо хоногийг үдлээ. Nikkei 225, KOSPI, CSI 300 болон SSEC индексүүд нэгэн зэрэг мэдэгдэхүйц буурсан нь бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөв сулрах, гадаад эрэлтийн бууралтын эрсдэл нэмэгдэх, мөн хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил эрс саарсныг харуулж байна. Хятад болон Японы зах зээлд валютын ханшийн савалгаа, үйлдвэрлэлийн захиалгын бууралт, геополитикийн тодорхойгүй байдал нь зах зээлийн дарамтыг улам нэмэгдүүлсэн байна.
⇒ АНУ: GOOGL GEMINI 3.0-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.
Google-ийн хувьцаа өнгөрсөн Баасан гарагт ханшийн хувьд өсөлттэй хаагдсан бөгөөд нэгж хувьцааны үнэ 3.3%-иар нэмэгдэж $299.6 болсон байна. Энэхүү өсөлт нь компанийн шинэчилсэн AI загвар болох Gemini 3.0-ийг танилцуулсан, мөн цаашид серверийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилтоо мэдэгдсэнтэй холбоотой.
Шинэ загварын нэвтрүүлэлт нь Google-ийн AI экосистемийн хэрэглээ эрчимтэй тэлж буйг харуулсан. Тухайлбал, компанийн мэдээлснээр:
Google-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай шинэ загвар болох Gemini 3-ийг илүү гүн утга, нарийн өнгө аяс ойлгох чадвартай болж байгаагаас гадна хэрэглэгчийн асуултын зорилго, агуулгыг илүү сайн таньж, шаардлагатай үр дүнд илүү бага хугацаанд хүрдэг болсныг онцолжээ. Харин Google-ийн өөр AI загварууд илүү энгийн, хөнгөн даалгаварт ашиглагдсаар байх юм.
Эдгээр хүчин зүйлс нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Google-ийн AI өрсөлдөх чадварын талаар эерэг хүлээлт төрүүлснээр хувьцааны үнэ богино хугацаанд өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 57.3%, өнгөрсөн оны мөн үеэс 77.1% өсөөд байна.
Сонирхуулахад, Berkshire Hathaway (BRK-B) компанийн эзэмшдэг Alphabet (GOOG)-ийн хувьцааны хэмжээ энэ оны III улиралд мэдэгдэхүйц өссөн байна. Тодруулбал, тус компани 3-р улирлын байдлаар Alphabet-ийн 17.8 сая ширхэг хувьцааг нэмж авч, нийт эзэмшил нь $4.3 тэрбумын үнэлгээтэй болсон юм. Харин эсрэгээрээ Berkshire Hathaway 41.8 сая ширхэг Apple-ийн хувьцааг зарж, Apple дахь хөрөнгө оруулалтын хэмжээ 8.4%-иар буурч $61 тэрбум болжээ.
⇒ БИТКОЙНЫ УНАЛТ
2025 оны 10-р сарын 6-нд бүх цаг үеийн дээд түвшин болох 126,251 ам.долларт хүрээд байсан Биткойны ханш доошилсоор 2024 оны сүүлийн хаалтын ханшнаасаа доогуур түвшинд очжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа виртуал хөрөнгөд ээлтэй бодлого баримтлах хүлээлтэд хөтлөгдсөн арилжааны өндөр идэвх аажмаар замхарч, зарах хөдөлгөөн эрчимжсэн нь үүнд нөлөөлжээ. Дэлхийн хамгийн том криптовалютын ханш 11-р сарын 21-ны Баасан гарагт 82,229 ам.долларт хүрсэн байна.
Bitwise Asset Management-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Мэтью Хоуган "Зах зээлийн ерөнхий төлөв эрсдэлээс зайлсхийсэн байдалтай байна. Үүний нөлөөлөл хамгийн түрүүнд криптовалютад илэрдэг учраас эхний цохилт нь Биткойнд очлоо." хэмээн онцолжээ.